/ / АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ҮЙЛДЭГДЭЖ БАЙГАА ГЭМТ ХЭРГИЙН ГАРАЛТ, НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР ТОДРУУЛГА ЯРИЛЦЛАГА

АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ҮЙЛДЭГДЭЖ БАЙГАА ГЭМТ ХЭРГИЙН ГАРАЛТ, НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР ТОДРУУЛГА ЯРИЛЦЛАГА

Аймгийн хэмжээнд үйлдэгдэж байгаа гэмт хэргийн гаралт, нөхцөл байдлын талаар Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн ахлах төлөөлөгч, цагдаагийн хошууч Х.Дагвасүмбэрэлээс тодрууллаа.

-Аймгийн гэмт хэргийн нөхцөл байдал ямархуу хэмжээнд байна? Өмнөх оныхоос өссөн гэсэн мэдээ бий?

-Аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 2015 оны эхний хагас жилийн байдлаар 316 гэмт хэрэг үйлдэгдсэнээс 147 буюу 46.5 хувийг бусдын эд хөрөнгийг хулгайлах, 55 буюу 17.4 хувийг иргэдийн эрх чөлөө, эрүүл мэндийн эсрэг, 23 буюу 7.2 хувийг хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг эзэлж байна. Нийт хэргийн 68 буюу 21.5 хувь нь согтуугаар, 41 буюу 12.9 хувийг бүлэглэн,  нийт хулгайлах гэмт хэргийн 66 буюу 44.8 хувийг орон байрны хулгайн гэмт хэрэг, 65 буюу 44.2 хувийг мал хулгайлах гэмт хэрэг тус тус эзэлж байна.

Дээрх гэмт хэргийн нөхцөл байдлыг урьд онтой харьцуулахад гэмт хэргийн гаралт 58 буюу 18.3 хувиар өссөн байгаа юм.

Эдгээр гэмт хэргүүдэд холбогдон шалгагдаж байгаа этгээдүүд нь ихэвчлэн малчид, эрхэлсэн ажилгүй хүмүүс эзэлж байна. Цаашид бусдын эд хөрөнгийг хулгайлах, тэр дундаа орон байр, авто тээврийн хэрэгсэл, малын хулгай, зам тээврийн осол, согтуугаар болон бүлэглэн үйлдсэн гэмт хэргүүд өсөх хандлагатай байгаа нь анхаарал татсан асуудал болж байна.

-Гэмт хэргийн гаралт, тэр дундаа орон байр, малын хулгай ихсэж байгаа нь юутай холбоотой байна вэ?

- Иргэд, аж ахуй нэгж, байгууллагууд өөрсдийн эзэмшлийн өмч хөрөнгөө хараа хяналтгүй орхидог, сонор сэрэмж муутай, аж ахуй нэгж, байгууллагууд нь хяналтын камер, дохиололгүй, сахиул, манаачгүй байгаа зэрэг нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэх гол шалтгаан, нөхцөл болж байна.

Мөн  ажилгүйдэл, ядуурал зэрэг нийгмийн сөрөг үзэгдлүүд болон хямд төсөр аргаар мөнгөтэй болох гэсэн санаа зорилготой хүмүүс олширч байгаа зэрэг байдлууд ч энэ төрлийн гэмт хэргийн гаралтанд гол нөлөөг үзүүлж байгаа юм.

Аймгийн хэмжээнд үйлдэгдэж байгаа томоохон худалдааны төвүүдэд халдсан хулгайн хэргүүд нь харуул манаа, сахиул манаач нарын сонор сэрэмж, ажлын хариуцлагатай шууд холбоотой. Тэгэхээр цаашид аливаа иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудад анхааруулан сэрэмжлүүлэхэд аймаг, орон нутгуудад үйлдэгдэж байгаа хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр өөрсдийнхөө өмч хөрөнгөндөө тавих хяналтыг сайжруулах, хөршийн холбоог бий болгох, байнгын тасралтгүй хараа хяналттай байлгах, хяналтын камер, дохиолол тавих, харуул, хамгаалалтаа сайжруулах гэх мэтчилэн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар өөрт оногдсон үүргээ биелүүлэх шаардлагатай. Үүнээс гадна аливаа эрсдлээс урьдчилан сэргийлж, цагдаагийн байгууллагатай нягт хамтран ажиллах, үйлдэгдсэн гэмт хэрэг болон сэжигтэй этгээдүүдийн талаар тухай бүр нь үнэн бодит мэдээ мэдээллийг цаг хугацаа алдалгүй, түргэн шуурхай өгч байх  нь чухал ач холбогдолтой, шаардлагатай тохиолдолд манай байгууллага ач холбогдол бүхий мэдээллийг төлбөртэйгээр худалдан авч, шалгаж болдог хууль, дүрэмтэй юм.   

Тиймээс иргэд, малчид та бүхэн цагдаагийн байгууллагад гэмт хэрэг үйлдэгдсэн болон үйлдэж болзошгүй талаар, мөн хулгайн гэмт хэрэг байнга үйлддэг сэжигтэй этгээдүүдийн талаар дараах утсуудаар мэдээлэл өгч болно. Бид мэдээллийн нууцлалыг чандлан хадгалах болно. /холбоо барих утас: 99017044, 97022536, 99135868/ 

-Малын хулгайтай тэмцэх талаар танай байгууллагаас мөн нөгөө талаас малчид ямар арга хэмжээ авч, ажиллах ёстой вэ?

 -Цагдаагийн байгууллага бол мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хуульд заасан  үүргээ биелүүлж, энэ төрлийн гэмт хэргийн дуудлаганд цаг алдалгүй, шуурхай очиж, ажиллах үүрэгтэй байдаг. Харин нөгөө талаас иргэд, малчид өөрсдийн өмч хөрөнгө, мал хуйгаа байнгын хараа хяналттай, хариулга маллагаатай байлгаж, урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн талаар болон малын хулгайн гэмт хэрэг үйлдэж болзошгүй сэжигтэй этгээдүүдийн талаар цагдаагийн байгууллагад тухай бүр нь мэдээлэл өгч, хамтран ажиллах нь үүрэгтэй, энэ талаар мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хууль, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, эрүүгийн байцаан шийтгэх хуулиудад тодорхой тусгаж, хуульчилж өгсөн байдаг. 

-Архи зарахыг хориглосон баасан гаригт хэрэг, зөрчил илүү гардаг гэж сонссон? Юунаас шалтгаалж байна? Мэдээж хяналт шалгалт тавьдаг байх?

-Баасан гариг бол ажлын долоо хоногийн хамгийн сүүлчийн өдөр байдаг. Одоогоос хоёр жилийн өмнөөс аймгийн Засаг даргын захирамжаар баасан гариг болон сар бүрийн 25-ны өдрийг архи согтууруулах ундаа худалдаалах, үйлчлэхийг хориглосон захирамж гарсан. Үүнээс хойш баасан гаригт архидан согтуурах явдал болон архи, согтууруулах ундаатай холбоотойгоор үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн гаралт эрс буурсан. Үүнээс өмнө баасан гаригт архидан согтуурах явдал их байсан, үүнтэй холбоотойгоор гэмт хэргийн гаралт ч багагүй байсан. Аймгийн Засаг даргын захирамжийн биелэлтэнд манай цагдаагийн газрын тодорхой нутаг дэвсгэр хариуцсан алба хаагчид маань тогтмол хяналт тавин ажилладаг.

Манай аймгийн хэмжээнд архи согтууруулах ундаа худалдаалдаг цэгүүд маш их байна, энэ нь иргэдийн архины хэрэглээг эрс өсгөж, нийгэмд учруулж байгаа сөрөг үр дагавар бий болох гол шалтгаан нь болж байгаа юм. Монгол улсын Засгийн газраас тогтоосон стандарт шаардлага байдаг. Тэр стандартаараа бол 2000 иргэн тутамд нэг архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг цэг байхаар тогтоосон байдаг. Энэ стандартыг баримталж, архи, согтууруулах ундааны худалдаа, үйлчилгээ, хэрэглээнд хязгаарлалт тавих шаардлагатай.

-Баяр наадмын үеэр хэрэг зөрчил гарав уу?

-Аймаг, сумдын наадам болж үргэлжлэн Эрдэнэмандал, Хангай сумдын түүхт 90 жилийн ой энэ сарын 15-17-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн газрын алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж ажилласан. Энэ үеэр цагдаагийн газарт иргэд, аж ахуй нэгж, байгууллагаас гэмт хэргийн шинжтэй 11 дуудлага, гомдол мэдээлэл ирснийг хүлээн авч, хуулийн дагуу холбогдох шалгалтуудыг явуулж байна. 

-Гэмт хэргийн гаралтыг бууруулах чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар?

-Энэ оны эхний хагас жилд гэмт хэрэг, захиргааны зөрчлийн нөхцөл байдлыг цагдаагийн газрын даргын зөвлөлийн хурлаар хоёр удаа оруулан, хэлэлцэж, дүн шинжилгээ хийж ажилласан. Цагдаагийн газраас нөхцөл байдалдаа дүгнэлт хийн, гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр “Илрүүлэлт-Оргодол”, “Илрүүлэлт”зэрэгнэгдсэн арга хэмжээнүүдийг тодорхой цаг хугацаанд шат дараатайгаар тус тус зохион байгуулсан. Цаашид бид аймгийн хэмжээнд үйлдэгдээд байгаа гэмт хэрэг, захиргааны зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр  тодорхой цаг үеүдээр нэгдсэн болон хэсэгчилсэн байдлаар  ажил, арга хэмжээнүүд санаачлан зохион явуулахаар төлөвлөн ажиллаж байна.  Энэ ажлынхаа хүрээнд хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх чиглэлээр хөдөө сум, багуудаар ажлын хэсэг гарган, ажиллуулна. Энэ ажилд иргэд, малчид маань тус дэм болж хамтран ажиллана байх гэж бодож байна. 

-Ажил үүрэг гүйцэтгэхэд хүндрэл, бэрхшээл юу байна?

-Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг сахин хамгаалахад бидний өмнө тулгамддаг хүндрэл бэрхшээл цөөнгүй байдаг. Тухайлбал манай албанд хүн хүч, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж дутагдалтай байдаг. Цаг үеийн нөхцөл байдал хүндэрсэн үед машин техникийн хүрэлцээ муутайгаас болоод гэмт хэргийн дуудлаганд хугацаа алдаж очих тохиолдол ч гардаг. Хүн хүчний хувьд өнөөдрийн байдлаар Эрдэнэбулган сум маань долоон багтай, ойролцоогоор 23 мянга орчим хүн амьдарч байхад хоёр хэсгийн байцаагч ажилладаг. Тийм учраас тэр бүр иргэндээ хүрч ажиллаж чаддаггүй. Мөн нийтийн хэв журам хамгаалах чиглэлээр ажилладаг эргүүлийн алба хаагчийн орон тоо цөөтэй. Нөхцөл байдлыг хяналтандаа авах, аливаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын нэг хэлбэр бол нийтийн хэв журам сахиулах эргүүл байдаг. Ер нь бол цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээг иргэд, олон нийтэд түргэн, шуурхай хүргэхийн тулд машин техник, тусгай хэрэгсэл, хүн хүч сайтай байх нь хамгийн чухал юм.

Аймгийн төвийн хэмжээнд л гэхэд хөдөлгөөнт эргүүлийг 2-3 чиглэлд тогтмол ажиллуулбал гэмт хэргийн гаралт буурч, иргэд гэмт хэрэг, зөрчлийн улмаас хохирох явдал эрс багасч, амар тайван орчинд амьдрах нөхцөл бүрдэнэ.

Цаашид хэсгийн байцаагч, эргүүлийн цагдаагийн орон тоог нэмж, автомашин техник, хэрэгслийг шинэчлэн, олон нийтийн цагдааг ажиллуулах шаардлагатай байна.

Олон нийтийн цагдаагийн ажилтан ажиллуулах хууль, дүрэм шинээр батлагдаж, эрх зүйн баталгаа болон цалин мөнгөний асуудлыг орон нутгийн засаг захиргааны байгууллага шийдвэрлэн, зарим сумдуудад ажиллуулж эхлээд байна. Тухайлбал: Өндөр-Улаан, Хотонт, Цахир, Цэнхэр, Чулуут сумдуудад олон нийтийн цагдааг томилуулан, орон нутгийн засаг захиргаанаас цалингийн асуудлыг шийдвэрлэн ажиллуулж байна. Ер нь бол цаашдаа аймаг, сумдын засаг захиргаа санхүүгийнх нь асуудлуудыг шийдвэрлэчихвэл олон нийтийн цагдаагийн ажилтан ажиллуулах бүрэн боломжтой юм.

Ярилцсанд баярлалаа.

/Архангайн амьдрал сонины 2015.07.24-ний өдрийн №28(433) дугаарт нийтлэгдсэн/

Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна