/ / АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДАРГА, ЦАГДААГИЙН ДЭД ХУРАНДАА Э.ЗОЛБААТАР: ЦААШИД Ч БИД ХУУЛЬ, ЖУРМЫН ХЭРЭГЖИЛТЭД ТАВИХ ХЯНАЛТ, ХАРИУЦЛАГЫН СИСТЕМИЙГ САЙЖРУУЛЖ АЖИЛЛАХ БОЛНО.

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДАРГА, ЦАГДААГИЙН ДЭД ХУРАНДАА Э.ЗОЛБААТАР: ЦААШИД Ч БИД ХУУЛЬ, ЖУРМЫН ХЭРЭГЖИЛТЭД ТАВИХ ХЯНАЛТ, ХАРИУЦЛАГЫН СИСТЕМИЙГ САЙЖРУУЛЖ АЖИЛЛАХ БОЛНО.

Эх сурвалж: "Өнөөдөр" сонин Сэтгүүлч Г.Цолмон

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДАРГА, ЦАГДААГИЙН ДЭД ХУРАНДАА Э.ЗОЛБААТАР:
ЦААШИД Ч БИД ХУУЛЬ, ЖУРМЫН ХЭРЭГЖИЛТЭД ТАВИХ ХЯНАЛТ, ХАРИУЦЛАГЫН СИСТЕМИЙГ САЙЖРУУЛЖ АЖИЛЛАХ БОЛНО.

Архангай аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Э.Золбаатартай тус аймгийн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээ болон цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Юуны өмнө танд болон танай байгууллагын хамт олонд энэ өдрийн мэндийг хүргэе.
Баярлалаа, танд бас энэ өдрийн мэнд хүргэе.
Архангай аймаг дахь цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн өнгөрсөн 2017 онд хуулиар хүлээсэн үүрэг, дэвшүүлсэн зорилтоо амжилттай ханган биелүүлж, аймагтаа төдийгүй цагдаагийн байгууллагын хэмжээнд сайн дүгнэгдсэн. Хоёулаа танай аймгийн нөхцөл байдлын талаар яриагаа эхлэх үү?
Өнгөрсөн 2017 он бол манай хамт олны хувьд амжилт бүтээлээр дүүрэн он жил болж өнгөрлөө. Бид ард иргэдийнхээ аюулгүй, амар амгалан амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, ард иргэд, дээд шатны байгууллагаараа ажлаа үнэлүүлж, дүгнүүлж байгаадаа баяртай байна.
Архангай аймаг нь 55.3 мянган хавтгай дөрвөлжин км2 газар нутагтай, 93.0 мянган хүн амтай, засаг захиргааны хувьд 19 сум 102 багт хуваагддаг, Завхан, Хөвсгөл, Булган, Өвөрхангай, Баянхонгор зэрэг 5 аймагтай хил залгаа оршдог. Байгалийн үзэсгэлэнт газар, ховор ан амьтан ихтэй, аялал, жуулчлалын хөгжсөн аймгуудын нэг. Эдийн засгийн үндсэн салбар нь мал аж ахуй бөгөөд 5290.3 мянган толгой малтай, мал сүргээрээ улсын хэмжээнд эхний гуравт багтдаг онцлог аймаг юм.
-Аймгийн эрүү, хэв журмын нөхцөл байдлын талаар танилцуулахгүй юу?
Өнгөрсөн онд иргэд, байгууллага, аж ахуй нэгжээс гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй нийт 2095 гомдол, мэдээлэл хүлээн авсан нь урьд оны мөн үетэй харьцуулахад 590 буюу 21.9 хувиар, аймгийн хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчил 4.1 хувиар тус тус буурсан. Мөн хүнийг санаатай алах, бусдын бие махбодид гэмтэл учруулах, хулгайлах, үүний дотор мал хулгайлах, авто осол, залилах гэмт хэрэг 5-40 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа боловч хүрээлэн буй орчны эсрэг, танхайрах гэмт хэрэг тодорхой хувиар өссөн.
Хэргийн илрүүлэлт 45.9 хувьтай байна. Энэ нь шинэчлэн батлагдаж мөрдөгдсөн хуулиудтай холбоотой ч бид цаашид гэмт хэргийн илрүүлэлтийн ахиулж, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тал дээр илүү анхаарч, сум, баг, өрх болон гэмт хэрэг гараад байгаа цэг бүрт хүрч ажиллах зорилт тавьж ажиллаж байна.
Мөрдөн байцаалт явуулсан хэргээс 208 буюу 24.8 хувийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн нь урд оны мөн үетэй харьцуулахад 41 буюу 24.5 хувиар өссөн, 208 буюу 24.8 хувийг хэрэгсэхгүй болгосон нь урд оны мөн үеэс 131 буюу 38.6 хувиар буурсан эерэг үзүүлэлтэй байна. Мөн гэмт хэргийн улмаас иргэд, байгууллагад нийт 1.295.0 сая төгрөгийн хохирол учирч, мөрдөн байцаалтын хэргийн улмаас 860.3 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн нь урд оны мөн үеэс 31 хувиар өссөн байна. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад сэжигтэн, яллагдагчийн 110.4 сая төгрөгийн нуугдмал өмч хөрөнгө, эд зүйлсийг битүүмжлэн ажилласан нь урд оны мөн үеэс 17.2 сая төгрөг буюу 15.58% хувиар өссөн байна.
Манай аймгийн хувьд мал хулгайлах гэмт хэрэг ихэвчлэн үйлдэгдэх хандлагатай байдаг. Ялангуяа аймгийн урд, зүүн хэсгийн сумдад хэргийн гаралт их байдаг. Энэ нь зүүн болон өмнөд аймгуудтай хил залгаа сумд, улсын чанартай авто зам дайран өнгөрч буй нутаг дэвсгэр. Бид мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж байгаагийн нэг нь сумдын удирдлага, нутгийн иргэдтэй хамтран “Малчдын бүлгэм” байгуулан ажиллаж, үр дүнгээ өгч байна.
-Та өнгөрсөн онд авч хэрэгжүүлсэн онцлог ажлаас дурдахгүй юу?
Улсын Их Хурлаас 2017 оны 02 дугаар сард Цагдаагийн албаны тухай хуулийг шинэчлэн баталж, цагдаагийн байгууллагын хувьд эрх зүйн орчин нэлээдгүй шинэчлэгдсэн. Мөн Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиуд хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан бид шинэчлэн батлагдсан хууль тогтоомжоор алба хаагчдадаа сургалт явуулах, хуулийг нэг мөр хэрэгжүүлэх, сурталчлах чиглэлээр ихээхэн ажил, арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж, аймгийнхаа хууль сахиулах байгууллага, иргэд, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажилласан.
Цагдаагийн төв байгууллагаас ч энэ чиглэлээр удаа дараа үүрэг, ажлын чиглэл өгч, бүсчилсэн хэлбэрээр сургалт, зөвлөгөөн зохион байгуулсан. Ингэснээрээ алба хаагчдад хуулийг нэг мөр хэрэгжүүлэх талаар ойлголт өгч, хууль зөрчих, иргэдийг чирэгдүүлж хохироох асуудал гараагүй гэхэд хилсдэхгүй болов уу.
Нөхцөл байдал сайн байсан уу гэвэл бас үгүй. Аялал жуулчлалын үед аялагчдын тоо ихсэж, төв магистрал замаар дайран өнгөрөх тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Хөдөлгөөн ихсэх тусам замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, зөрчлийн тоо нэмэгдэж, иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө хохирох тохиолдол нэмэгдэх хандлагатай байдаг нь бидний анхаарах асуудлын нэг юм. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэхийн тулд улсын чанартай авто замын ”Хар цэг”-ийг судалгаанд авч, тэмдэг, тэмдэглэгээ, замын эвдрэл, хурд сааруулагч, сэрэмжлүүлэх самбар зэрэг ажлыг үе шаттай зохион байгуулж байна.
Бид улсын чанартай болон хот хоорондын замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангуулах, хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарын сахилга бат, хөдөлгөөний соёлыг дээшлүүлэх, мал, мах, түүхий эд, мод, модон материалын хууль бус үйлдэлтэй тэмцэх зорилгоор тусгай зориулалт бүхий “Явуулын хяналт, шалгалт”-ын Ford Transit автомашиныг өнгөрсөн оны 10 дугаар сараас эхлэн сумдад болон зам тээврийн осол хэрэг ихээр гардаг газруудад ажиллуулж байна. Үүний үр дүнд орон нутгийн зам дахь замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, зөрчил, аймаг дамжсан мал хулгайлах, хууль бусаар мод бэлтгэх зөрчил буурч байгаа.
Түүнчлэн аймагтаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, энэ хүрээнд байгууллага, аж ахуйн нэгжүүдийг орчноо камержуулах уриалга гарган ажилласан. Ялангуяа аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгжүүдийг камержуулах ажлыг зохион байгуулсан гэмт хэрэг, зөрчил буурахад ихээхэн үр дүнтэй ажил болсон.
Мөн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас зардлын асуудлыг шийдвэрлүүлж, цагдаагийн газраас аймгийн төвийн өндөрлөг 5 хэсгээс гудамж талбай, олон нийтийн газруудыг телекамерын хяналтаар байнгын хяналт тавьж, ажиллаж байна. Одоогоор аймгийн хэмжээнд 183 аж ахуйн нэгж, камертай болоод байна. Цаашид гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авто замын хөдөлгөөн хяналтын сайжруулах зорилгоор ашиглах стандартын шаардлага хангасан камерын тоог нэмэгдүүлж, алба хаагчдын албан үүрэг гүйцэтгэх нөхцөлийг сайжруулах зорилгоор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар 110 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлүүлсэн. Мөн олон улсын хүмүүнлэгийн байгууллагуудтай хамтран хүний эрх, эрх чөлөө, стандартын шаардлага хангасан “Хүүхэд хамгаалах байр”-ыг барихаар хамтран ажиллаж байна.
Цагдаагийн алба хаагчийн өргөсөн тангараг, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, 3 хүүхдийн алтан амийг аварсан Цахир сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч У.Баяртогтохын байгуулсан онцгой гавьяаг дурдах нь зүйтэй болов уу. Энэ алба хаагчаараа ч бахархаж байна.
-Та гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулна гэж байна. Энэ талаар тодруулахгүй юу?
Тиймээ, цагдаагийн байгууллага гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг тэргүүлэх чиглэлээ болгон ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэнийх нь дараа ихээхэн хүч, хөрөнгө зарцуулж илрүүлэх биш, харин урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулах ёстой.
Бид урьдчилан сэргийлэх ажилд нутгийн иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагын үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, тэдний эрх, үүргийг зөв тайлбарлан ойлгуулж, дэмжлэг авч, хамтран ажиллахыг чухалчилдаг. Тиймээс өнгөрсөн онд аймгийн ГХУСАЗСЗ, Эрдэнэбулган сумын ГХУСАЗСЗ, Орон нутгийн хэвлэл, мэдээллийн албад, Эрүүл мэндийн газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар зэрэг нэлээд хэдэн байгууллагатай хамтран урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажлыг тогтмол зохион байгуулж байгаа.
Манай аймагт урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдтэйгээ хамтран хийж хэвшсэн, үр дүнгээ өгч буй олон ажил бий. Өнгөрсөн онд 152 удаагийн ажил, арга хэмжээг зохион байгуулж 15850 иргэнийг хамруулсан. Мөн иргэдийн сайн дурын эргүүл, бүлгэмүүдийг олноор байгуулан ажиллаж байна. Үүнээс сайн дурын “Нийтийн эргүүл”, ерөнхий боловсролын болон их, дээд сургуулиудын багш, нийгмийн ажилтнуудаас оюутан, сурагчдад тавих хяналтыг нэмэгдүүлэх “Явган эргүүл”, “Өсвөрийн сэргийлэгч”, “Оюутан цагдаа” болон “Малчдын бүлгэм”, “Хөршийн хяналтын бүлгэм” зохих үр дүнгээ өгсөөр байгаа. Энэ дашрамд биднийг дэмжиж, бидэнтэй хамтран ажилладаг иргэд, байгууллагууддаа талархал илэрхийлэхийг хүсэж байна.
Түүнчлэн цагдаагийн газрын болон алба хаагчдынхаа үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцох оролцоог нэмэгдүүлэх зорилгоор тус цагдаагийн газрын болон аймгийн албан ёсны цахим хуудас, сайтуудыг ашиглан мэдээ, мэдээлэл, сэрэмжлүүлэг, зөвлөмж хүргэж байна. Одоогоор Архангайн цагдаа фейсбүүк хаяг 4.600 дагалдагчтай, 18000 гаруй хандалттай болсон. Бид гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, байгууллагын үйл ажиллагааг сурталчлах зорилгоор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гишүүдийг оролцуулсан “Мэргэжил бүхэн сайхан” нэвтрүүлгийг цувралаар бэлтгэн хүргэж байгаа нь үзэгчдийн талархлыг хүлээсэн нэвтрүүлэг болж байгаа.
-Алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр хэрхэн ажиллаж байгаа вэ?
Цагдаагийн алба бол хэдий цаг наргүй, хүндхэн алба боловч бид албандаа сэтгэл зүрхээ зориулан ажилладаг. Алба хаагчид минь хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэхийн төлөө халуунд халж, хүйтэнд хөрж, иргэд, олон түмнийхээ төлөө нойр, хоолгүй зүтгэж яваа төрийн албан хаагч. Тийм ч учраас алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх нь хамгийн чухал асуудлын нэг гэж би үздэг. Тэднийхээ амьдралд бага ч болов тусламж, дэмжлэг үзүүлж, ажил үүргээ гүйцэтгэхдээ ар гэртээ санаа зовох зүйлгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийг эрмэлздэг.
Цагдаагийн алба хаагчдын нийгмийн болон эдийн засгийн баталгааг хангах чиглэлээр хууль, эрх зүйн орчин бол сайн бүрдсэн. Хэдийгээр улс орны эдийн засаг хүндхэн, хуулиар эдлэх баталгааг бүрэн эдлүүлдэггүй, алба хаагчдын маань цалин хөлсийг нэмэгдүүлэх боломжгүй байгаа ч бид өөрсдөө бас тодорхой ажлуудыг төлөвлөн зохион байгуулж байгаа.
Сум, орон нутагт томилогдон ажиллаж байгаа алба хаагчийн гэр бүлийг ажлын байраар хангах асуудал учир дутагдалтай байдаг. Өнөөдөр банканд зээлгүй цагдаагийн алба хаагч байхгүй, авдаг хэдээсээ зээлээ төлнө, гэр бүлээ тэжээнэ гэхээр амьдралд нь хүрэлцдэггүй хэцүүхэн зовлон бий. Энэ асуудлыг шийдэх зорилгоор алба хаагчдын гэр бүлийг хөдөө аж ахуй, малын ашиг шимээр эцсийн бүтээгдэхүүн хийх, жижиг дунд бизнесийн санаа өгөх, мэргэжил олгох сургалтыг явуулж цаашлаад төсөл хөтөлбөрт хамруулж ажлын байртай болгох ажлыг эхлүүлээд байна. Мөн алба хаагчдын санаачилгаар гэр бүлийнх нь хэрэгцээнд зориулж төмс, хүнсний ногоо тариалж, тасаг, алба хаагчдадаа олгох гэх мэт үндсэн ажлынхаа хажуугаар хүнээс тусламж харж суух биш өөрсдийн нөөц бололцоог ашиглан хамтын хүчээр хийж ажлууд бас бий. Өөрийн өмчлөлийн орон сууцгүй, орон сууцны нөхцөлөө сайжруулах шаардлагатай алба хаагчдын судалгааг гарган зах зээлийн үнээс доогуур буюу 1 м2 талбайг 950.000 төгрөгийн өртөгтэйгөөр орон сууцанд хамруулахаар барилгын компанитай гэрээ байгуулан суурийн ажил эхлээд явж байгаа.
Алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр элэгний В, С вирусийн шинжилгээг бүрэн хийлгэж, вирус илэрсэн 11 алба хаагчийг “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрт хамруулан үнэ төлбөргүй вирус устгах эмчилгээ хийлгэж байна. Цаашид ч алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээ авч ажиллана гэж бодож, санаачлан төлөвлөсөн ажлууд байгаа.
-Танай байгууллагаас 2018 онд хийхээр төлөвлөж байгаа томоохон ажлуудаас танилцуулахгүй юу?
Манай хамт олон энэ онд орон нутгийн тэргүүний цагдаагийн байгууллага болохын төлөө гэсэн уриатай ажиллаж байгааг энэ дашрамд дурдахад таатай байна.
Энэ жил тус цагдаагийн газар үүсэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн тохиож байгаа. Тийм ч учраас манай хамт олны хувьд өндөр үүрэг хариуцлага, сахилга баттай байж, их бүтээн байгуулалт өрнүүлсэн онцлог жил байх болов уу.
Бид түүхт ойгоо угтан гэмт хэрэг, зөрчлийг бууруулж, илрүүлэлтийг ахиулах, иргэдэд үзүүлэх үйлчилгээгээ шуурхай, хүртээмжтэй болгох, түүхэн уламжлалаа сурталчилж, алдар гавьяаг нь мөнхжүүлэх, байгууллагын өнгө үзэмжийг сайжруулах, алба хаагчдын ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэх чиглэлээр бүтээн байгуулалтын нэлээдгүй ажлуудыг төлөвлөн ажиллаж байна.
Тухайлбал, үйл ажиллагаандаа орчин үеийн техник хэрэгслийг өргөнөөр нэвтрүүлэх, теле камерын хяналтын тоог нэмэгдүүлж, алба хаагчдын албан үүрэг гүйцэтгэх нөхцөлийг сайжруулах, хүний эрх, эрх чөлөөг хангасан “Хүүхэд хамгаалах байр” барих, сумдын хэсгийн төлөөлөгч нарыг мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангасан интернетийн сүлжээтэй болгож, цагдаагийн байгууллагын нэгдсэн сүлжээнд холбох, ажлын байрнаас хөндийрүүлэхгүй, сургалтыг онлайн хэлбэрээр явуулж, мэдээллийг түргэн шуурхай солилцох ажлыг хийж хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Мөн алба хаагчдын мэргэжлийн мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, бие бялдрыг хөгжүүлэхэд анхаарч, соён гэгээрүүлэх ажлыг зорилтод чиглүүлэн явуулах, хангайн бүсийн сургалт, зөвлөгөөнийг зохион байгуулах боломжтой “Сургалт, дадлагын төв”-ийг шинээр барих зэрэг олон ажлуудыг дурдаж болохоор байна.
-Малын хулгайч нарын хохирлыг барагдуулах талаар ямар арга хэмжээ авч байгаа вэ? Нутгийн иргэдийн ярьж байгаагаар энэ төрлийн хэрэгт саатуулан шалгуулж байгаад батлан даалтад гарсан хүн хамгийн дээд тал нь 7 хоноод эргээд ороод ирдэг. Өмнөх хэргийнхээ хохирлыг барагдуулахын тулд өөр айлаас хулгай хийгээд баригддаг тохиолдол байдаг гэнэ. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?
Сүүлийн жилүүдэд улсын хэмжээнд хулгайлах гэмт хэрэг өссөн үзүүлэлттэй байгаа. Үүний дотор мал хулгайлах гэмт хэрэг өсөх хандлагатай хэдий ч манай аймагт 11,9 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа. Энэ төрлийн гэмт хэрэг өсөж байгаа нь нэг талаараа ажилгүйдэл, ядуурлын түвшин нэмэгдсэнтэй холбоотой. Манай улсын хүн амын дийлэнх хувь нь банк, санхүүгийн байгууллагад өр зээлтэй байна.
Хулгай хийгээд шалгагдаж байгаад “Батлан даалтад гарсан хүн хамгийн дээд тал нь 7 хоноод эргээд ороод ирдэг” гэж хэтэрхий ташаа ойлгож болохгүй. Өмнөх хэргийнхээ хохирлыг барагдуулахын тулд өөр айлаас хулгай хийгээд баригдсан тохиолдол гардаг. Мэдээж бусдын эд хөрөнгийг хулгайлсан хүн хохирлоо барагдуулах л ёстой. Үүний тулд дахин нэг иргэнийг хохироох нь өөрсдийн хэргийг хүндрүүлж, хүлээх хариуцлагаа нэмэгдүүлж байна гэдгийг нь тэдэнд ойлгуулж, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх нь чухал. Бид энэ чиглэлээр сэжигтэн, яллагдагч нарт тавих хяналтыг сайжруулах, эд хөрөнгийг битүүмжлэх, хохирол барагдуулсан санхүүгийн эх үүсвэрийг нягтлан шалгах, эх сурвалжийг тогтоох ажлыг үр дүнтэй зохион байгуулж байгаа. Манай аймгийн хувьд гэмт хэргийн хохирол нөхөн төлүүлэх асуудал өмнөх оноос 31,0 хувиар өссөн, эерэг үзүүлэлттэй байна.
-Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, тэр дундаа Орхон голыг бохирдуулсан асуудал хэдэн жилийн турш танай аймагт гарч байгаа. Орхон голыг бохирдуулж буй компани, хувь хүмүүст ямар нэг хариуцлага тооцож чадаж байна уу? Ер нь хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийг шалгаж шийдвэрлэхэд ямар бэрхшээл байна?
Орхон гол нь Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул зэрэг аймгийн 54 сум, суурин газрыг дайран, 1124 км газар урсаж Сэлэнгэ мөрөнд нийлж, улмаар ОХУ-ын Байгаль нуурт цутгадаг монголын томоохон голуудын нэг юм. Орхон голын бохирдлын асуудлаар нутгийн удирдлагаас гадна Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Ашигт малтмалын газар зэрэг дээд шатны төрийн байгууллагууд хамтран тодорхой ажлуудыг зохион байгуулснаар Орхон голын бохирдол харьцангуй буурч байгаа.
Тухайлбал, Өнгөрсөн онд Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон мэргэжлийн холбогдох байгууллагууд хамтран Цэнхэр сумын Орхон багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж компани, нутгийн иргэдийн дунд “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч, аж ахуй нэгжүүдийн тулгамдаж буй бэрхшээлийг шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Хэлэлцүүлгийн үеэр Орхон багийн нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын эзэмшил талбайд туслан гүйцэтгэх гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааны улмаас эвдэгдсэн газрын нөхөн сэргээлтийн асуудлыг шийдвэрлэх, алт олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдийн буруутай үйл ажиллагааны улмаас Орхон гол бохирдон урсах болсон шалтгаан, бохирдлыг хэрхэн арилгах цаашид хэрхэн ашиглах талаар аж ахуйн нэгж компаниуд, нутгийн иргэдтэй санал солилцох, шийдвэрлэх арга замын талаар ярилцаж, тодорхой шийдэлд хүрч чадсан.
Орхон голын бохирдол, хөрс нөхөн сэргээлт, байгаль экологийг хамгаалах чиглэлээр мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсэг тус нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Алтан Дорнод Монгол”, “Монгол газар”, “Алтай гоулд” компаниудын нөхцөл байдалтай танилцаж, эвдэгдсэн газрыг нөхөн сэргээх, шар усны далан байгуулах, нөхөн сэргээх чиглэлээр Байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаал гаргуулж, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна. Харин гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, удаа дараа хүргүүлсэн албан мэдэгдэл, шаардлагыг үл биелүүлсэн туслан гүйцэтгэх зарим компанийн үйл ажиллагааг зогсоох, хууль бус үйл ажиллагааг явуулсан буруутай хуулийн этгээдүүдэд хариуцлага тооцох зэргээр мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллаж байгаа. Цаашид ч бид хууль, журмын хэрэгжилтэд тавих хяналт, хариуцлагын системийг сайжруулж ажиллах болно.
Үйлдэгдэж байгаа хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг нь дэвшилтэд техник технологи, холбооны болон хурд хүч, туулах чадвар сайтай тээврийн хэрэгсэл ашиглан бүлэг, зохион байгуулалтайгаар үйлдэгдэж байна. Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэхэд цагдаагийн байгууллагын техник хэрэгсэл дутмаг, хүчин чадал хүрэхгүй бэрхшээл үүсдэг хэдий ч бид байгаа нөөц бололцоо, хүч хэрэгслээ ашиглан энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байгаа.
-Олны анхаарал татсан хэрэг харьцангуй гайгүй гардаг. Гадаадын жуулчныг хөнөөсөн иргэнийг оны өмнө Дээд шүүх эцэслэлээ. Энэ хэргийн холбогдогч нь ямар зорилгоор тэр хүнийг хөнөөсөн юм бэ? Өмнө нь ял шийтгэгдэж байсан гэсэн үнэн үү?
Тиймээ. 2016 онд манай аймгийн нутгаар аялж явсан Ихбритани Улсын иргэний амь насыг хөнөөсөн харамсалтай хэрэг үйлдэгдсэн. Тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг манай цагдаагийн алба хаагчид мэргэжлийн ур чадвар гарган түргэн шуурхай илрүүлж, хуулийн дагуу шалган шийдвэрлэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэргийг үйлдсэн этгээд нь хохирогчийн бэлэн мөнгийг авах шунахайн зорилгоор хэргийг үлдсэн, мөн урьд нь хулгайн гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдэж байсан болох нь тогтоогдсон.

-Бидэнтэй ярилцсан танд их баярлалаа, танай хамт олонд ажлын амжилт хүсье.
Баярлалаа, та бид хоёрын ярилцах цаг бага байгаа учраас “Сэтгэлд гал байвал Зууханд гал олдоно” гэсэн сайхан үгээр ярилцлагаа өндөрлөе. Танд бас ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна