/ / ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ 3 ХҮҮХДИЙН АМЬ НАСЫГ АВАРЛАА.

ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ 3 ХҮҮХДИЙН АМЬ НАСЫГ АВАРЛАА.


          Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Цахир сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч У.Баяртогтох нь 2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгэж явахдаа Цахир сумын Тэрхийн голын мөс цөмөрч бага насны 3 хүүхэд хөлдсөн байдалтай байхад нь амь насыг нь аварлаа.

Хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч У.Баяртогтохыг очих үед Тэрхийн голын дунд хэсэгт тогтсон мөсөн дээр гурван хүүхэд хэвтэж байсныг ус гатлан очиход 7 настай хүү мөсөн дээр хөдөлгөөнгүй, орчноо мэдрэх чадваргүй осголттой зогсож байсан ба 4 настай, 5 настай хоёр хүү голын мөсөн дээр ухаангүй, амнаас нь цагаан хөөс гарч, бүх хувцас нь нойтон,  хөлдөж мөсөнд наалдаж осгосон байдалтай хэвтэж байсныг Цахир сумын иргэн Г.Эрдэнэбатын хамт аварч эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн байна.

Цахир сумын хүн эмнэлгийн эмч, сувилагч нар шаардлагатай эрчимт эмчилгээг хийж 5 настай хүү Долгорсүрэнгийн Ганхуяг, 4 настай хүү Туулийн Өсөхбаяр нар эмнэлэгт хүргэгдсэнээс хойш 4-5 цагийн дараа ухаан орж, 7 настай хүү Сугарсүрэнгийн Цэрэнрандалд анхны тусламж үзүүлжээ.

Одоогоор дээрх 3 хүүхдийн биеийн байдал сайжирсан ба хүүхдүүдийн эцэг эх, төрөл садан, Цахир сумын иргэд, төр захиргааны байгууллага хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч У.Баяртогтохыг өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж 3 хүүхдийн алтан амийг аварсан гавьяат үйлсэд талархал илэрхийллээ.

Дээрх хүүхдүүд 12 цагийн үед голоос ус авах гэж очоод голын мөс цөмрөн улмаар усанд 40 орчим мерт урсаж голын дунд хэсэгт тогтсон мөсөн дээр тогтоод байхад нь манай алба хаагч 18 цагийн орчим аварсан байна.

Цагдаагийн алба хаагчийн хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэн эрдэнэт хүний алтан амийг аварсан Цахир сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч У.Баяртогтох, иргэний үүргээ нэр төртэй биелүүлсэн Цахир сумын иргэн Г.Эрдэнэбат нартаа Архангай аймаг дахь цагдаагийн газрын нийт алба хаагчдаас талархал илэрхийлж ажлын өндөр амжилт хүсье.

 

Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна