/ / ИРГЭДЭЭС ГЭМТ ХЭРГИЙН ТАЛААР ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭЛЭЛ АВАХ

ИРГЭДЭЭС ГЭМТ ХЭРГИЙН ТАЛААР ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭЛЭЛ АВАХ

МОНГОЛ УЛСЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН

СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН

12 дугаар зүйл. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийг татан оролцуулах

12.1. Нутгийн захиргааны байгууллага харьяа нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд гэмт хэрэг, нийгмийн хэв журмын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулахдаа иргэдийг дараахь хэлбэрээр татан оролцуулна:

12.1.1. иргэдийг нийтийн эргүүлд гаргах;

12.1.2. хэв журмын урамшилтай эргүүл, жижүүрээр томилох;

12.2. Нутгийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 12.1-д заасан үйл ажиллагааг явуулахдаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилго бүхий төрийн бус байгууллагатай хамтран ажиллана.

12.3. Хэв журмын урамшилтай эргүүл, жижүүрээр ажиллуулах хүний тоо, урамшууллын хэмжээг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал жил тутам тогтооно.

12.4. Эргүүл, жижүүрийг цагдаагийн байгууллага мэргэжлийн удирдлагаар хангана.

12.5. Энэ хуулийн 12.1.1, 12.1.2 -т заасан арга хэмжээнд насанд хүрээгүй буюу эрүүл мэндийн хувьд уг ажлын онцлогт тэнцэхгүй хүмүүсийг оролцуулахгүй.

13 дугаар зүйл. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон иргэд, байгууллагыг урамшуулах

13.1. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон иргэнийг дор дурдсан хэлбэрээр урамшуулна:

13.1.1. мөнгөн шагнал олгох;

13.1.2. үнэ бүхий зүйл дурсгах;

13.1.3. хүндэт тэмдгээр шагнах;

13.1.4. алдрыг нь мөнхжүүлэх;

13.1.5. төр, засгийн шагналд тодорхойлох.

13.2. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар тодорхой ажил зохиож, үр дүнд хүрсэн байгууллага, аж ахуйн нэгжийг нутгийн захиргааны болон цагдаагийн байгууллага дор дурдсан хэлбэрээр урамшуулна:

13.2.1. мөнгөн шагнал олгох;

13.2.2. үнэ бүхий зүйл дурсгах;

13.3. Энэ хуулийн 13.1.1, 13.1.2-т заасан шагналыг Хууль зүйн сайд, сум, дүүргийн Засаг дарга, цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан олгоно.

13.4. Гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журмыг хангахад идэвх зүтгэл гаргасан буюу гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсооход онцгой үүрэг гүйцэтгэсэн иргэнд хүндэт тэмдэг олгох, алдрыг нь мөнхжүүлэх, төрийн дээд ба Засгийн газрын шагналд тодорхойлох шийдвэрийг холбогдох төрийн бус байгууллагын саналыг харгалзан Хууль зүйн сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга гаргана.

14 дүгээр зүйл. Гэмт хэргийн тухай мэдээллийг иргэдээс төлбөртэй авах

14.1. Гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байгаа болон үйлдсэн тухай мэдээллийг цагдаагийн байгууллага иргэдээс төлбөртэй авч болно.

14.2. Иргэдээс авсан мэдээлэл үндэслэлтэй болох нь тогтоогдсон тохиолдолд цагдаагийн байгууллага төлбөрийг олгоно.

14.3. Мэдээллийн үнэлгээг гэмт хэргийн хүнд, хөнгөнөөс хамааран ялгавартайгаар тогтооно.

14.4. Онц хүнд ба зохион байгуулалттай гэмт хэргийн талаархи мэдээллийн төлбөрийг мэдээлэгчтэй тохиролцон тогтоож болно.

14.5. Цагдаагийн байгууллага мэдээллийн нууцыг чанд хадгалж, шаардлагатай бол мэдээлэгчийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах үүрэгтэй.

 

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР

2018 он

Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна