/ / Архангай аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга Цагдаагийн дэд хурандаа Х.НАРАНБААТАР: ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН УЛМААС 3 ХҮН АМЬ НАСАА АЛДЛАА

Архангай аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга Цагдаагийн дэд хурандаа Х.НАРАНБААТАР: ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН УЛМААС 3 ХҮН АМЬ НАСАА АЛДЛАА

-Зуны саруудад орон нутгийн замын ачаалал эрс ихэсдэг? Архангай аймаг дахь Замын цагдаагийн газраас ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Урин дулаан цагт баяр наадмын, амралтын өдрүүд үргэлжилж бусад аймаг хотоос тус аймгийн байгалийн үзэсгэлэнт газруудаар аялах, амрахаар зорих тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим нэмэгдэж байна. Хоногтоо л гэхэд 2500-6700 тээврийн хэрэгсэл дамжин өнгөрч байна.
Зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн Ерөнхий газар хамтран "Орон нутгийн зам хөдөлгөөний соёл", "Яараад яахав дээ" урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээнүүдийг 2019 оны 06 сарын 20-оос 2019 оны 10 дугаар сарын 01-ний хооронд зохион байгуулж байна.

-Танай алба хаагчид ямар цагийн хуваарийн дагуу ажиллаж байгаа вэ?

-Хашаат сумын Тарнын гүүр, Ихтамир сумын Тамирын голын гүүрний постууд болон Тариат сумын байнгын постууд 24 цагаар, аялал жуулчлалын бүс нутаг, төв магистрал зам дагуу сумдын хэсгийн төлөөлөгч, цагдаа нар болон Замын цагдаагийн тасгийн алба хаагчдаас хөдөлгөөнт эргүүлээр 24 цагаар зам тээврийн осол гарч болзошгүй цэгүүдэд ослоос урьдчилан сэргийлэх, хяналт шалгалт хийж байна. Түүнчлэн хөдөлгөөнд оролцогчдод санамж, сэрэмжлүүлэг тараан хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

-Зам тээврийн осол өсч байгаа мэдээлэл байна?

-Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим нэмэгдэхийн хэрээр зам тээврийн осол хэргийн гаралт өсч аймгийн хэмжээнд нэг сарын хугацаанд 15 осол хэрэг гарлаа. Эдгээр зам тээврийн ослын улмаас 3 хүний амь нас хохирч, 12 хүн гэмтэж бэрлээ. Энэ ослууд 6-р сарын 25-аас 7-р сарын 25-ны хооронд гарсан байна.

-Осол, зөрчлийн шалтгаан нөхцлийн талаар тодруулна уу?

-Гарч байгаа шалтгаан нөхцлийг судлан үзэхэд тээврийн хэрэгслийн хурдыг замын нөхцөлд тохируулаагүй, хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, гүйцэж түрүүлэх журам зөрчсөн, эсрэг урсгал сөрсөн, зорчигч унагасан зэрэг осол гарсан байна. Үүнээс хэт ядарсан үедээ болон замын нөхцөл байдалд хурд тохируулаагүй тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас осол гаргасан хэргүүд зонхилж байгаа юм.

-Тээврийн хэрэгсэл эзэмшигч, жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо ямар зүйлсийг анхаарвал зохих вэ?

-Замын хөдөлгөөнд оролцогч нарт зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж орон нутгийн замд хурдаа тохируулан замын хөдөлгөөнд соёлтой оролцох нь маш чухал юм. Иргэдийн аюулгүй зорчих, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор замын аюултай хэсгүүдийг аюул осолгүй туулах, хурдаа тохируулж явах, хамгаалах бүс хэрэглэх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлыг ханган зорчих нь таны гэр бүл, үр хүүхэд, аав ээж, бусдын амар амгалан амьдралын төлөө зайлшгүй санаж явах, хэрэгжүүлэх үүрэг, хариуцлага байх ёстой. Үүнийг иргэн бүр, жолооч бүр анхаарч, хөдөө орон нутгийн зам гэлтгүй, хот доторх замын хөдөлгөөнд оролцохдоо ч байнга санаж, өөртөө хэвшүүлэх хэрэгтэй.
Түүнчлэн зуны улиралд болзошгүй үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, баталгаатай зам гүүрээр зорчих, бага насны хүүхдэдээ тавих анхаарлаа нэмэгдүүлэх талаар аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас анхааруулж байна. Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд. “Яараад яахав дээ” арга хэмжээг амьдралдаа хэвшүүлээрэй гэж хүсье.

-Ярилцлага өгсөнд баярлалаа
Сэтгүүлч Х.Цэвэгмэд

Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна